Claude Muco бол Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсаас 2014 онд Австралид ирсэн оюутан ба тэр төрсөн нутагт нь болж буй үндэстний тэмцэлдээнээс болж гэртээ харихаас айж байв.
“Манай улсын хүмүүст аюулгүй байдлын баталгаа байхгүй тул ихэнх гэр бүлүүд хамгаалалт, аюулгүй байдлыг хайн Рванда руу нүүсэн.”
Энэ хүнд нөхцөл байдалд Claude сэтгэлээр унан Австрали улсад орогнол хүсэх бодолтой байсан боловч мэдлэг, мэдээлэл, санхүүгийн хувьд бэлэн бус байсан гэж тэрээр хэлсэн.
““Надад хуулийн үйлчилгээнд төлбөр төлөх ямар ч боломж байгаагүй. Надад ямар ч мөнгө байгаагүй.””
Цөхрөлийн эцэст Claude Сидней хотын НьювТовн дүүргийн орогнол хүсэх төвд очиход тэд хуулийн тусламж авах өргөдөл гаргахыг зөвлөсөн. Энэ бол түүний чухал найдвар байсан гэж Claude хэлсэн юм.
“Хуулийн тусламж (Legal Aid) үйлчилгээ надад өргөдлийн маягт бөглөх, өргөдөл бичих, мөн ярилцлаганд ороход үнэгүй зөвлөгөө, туслалцаа үзүүлсэн. Тэд миний өмнөөс цагаачлал хүсэх үйл явцад туслан ажилласан. Би хэдийгээр Англи хэлээр ярьдаг ч заримдаа тэд ямар шаардлага тавьж байгааг ойлгоход хүндрэл гардаг. Тиймээс эдгээр бүх төвөгтэй үйл явцад би Хуулийн Тусламжийн зөвлөгөөг авч байсан.”
Энэ төрлийн хуулийн зүйн туслалцаа шинээр ирсэн бүх хүмүүст нээлттэй байдаг, хэмээн NSW дах Хуулийн Тусламжийн Дүрвэгчдийн Үйлчилгээнд ажилладаг ахлах хуульч Jeremie Quiohilag хэллээ.
“Манай зөвлөгөө өгөх үйлчилгээ 45 минут үргэлжилдэг ба шаардлагатай үед үнэгүй орчуулагч тантай ажиллах боломжтой. Тэгэхээр хүмүүст юу хэлэх гээд байна вэ гэвэл хэрвээ та өөрийгөө хуулийн асуудалтай тулгарсан эсвэл тухайн нөхцөл байдал хуулийн холбогдолтой эсэхийг мэдэхгүй байсан ч бидэнтэй холбогдон цаг авч үнэгүй зөвлөгөө авахад та юу ч алдахгүй ба бид хүний хувийн нууцыг хатуу хадгалдаг тул хэн ч таныг хуулийн зөвлөгөө авсан тухай мэдэхгүй.”
Хуулийн Тусламжаар (Legal Aid) олон төрлийн асуудалд үнэгүй хуулийн зөвлөгөө авах боломжтой. Тухайлбал замын хөдөлгөөний торгуулийг хэрхэн зохицуулах, түрээсийн маргаан, ямар нэгэн байгууллагын үйлчилгээнд гомдол гаргах, эсвэл гэр бүлийн тулгамдсан асуудал гэх мэт олон асуудалд зөвлөгөө өгдөг.
“Гэр бүлийн хууль талаас, гэр бүл салалт болоход эцэг эхэд хүүхдийн асуудлаар зөвшилцөлд хүрэхэд бид тусалдаг ба мөн салах өргөдөл гаргах, эсвэл гэр бүлийн хүчирхийллийн асуудал дээр ч зөвлөн ажилладаг.”
Гэхдээ Jeremie Quiohilag хэлэхдээ Хуулийн Тусламж (Legal Aid) нь ганц хуулийн асуудалтай шинээр ирсэн хүмүүст туслахаас гадна Австрали улсад амьдралын бүх л үйл явцад хууль зүйн зохицуулалт салшгүй холбоотой байдаг гэдгийг хүмүүст таниулах зорилготой.
“Манай үйлчилгээний нэг том давуу тал нь шинээр ирсэн хүмүүс, дүрвэгсдэд Австралийн хууль, дүрмүүдийг тайлбарлан энэ бүх үйл ажиллагаа, хэлэлцээрүүд ямар хууль зүйн орчинд явагддагийг ойлгуулахыг зорьдог ба ингэснээр тэдэнд энэ улсад амжилттай суурьшин тогтноход илүү хялбар болж өгдөг.”
21 настай Nena Yunus анх өсвөр насандаа Австрали улсад ирсэн ба удалгүй асуудалд орж цагдаа нартай холбогдон гашуун туршлагаас суралцсан. “Зүгээр л залуу хүний тэнэглэл байсан. Олон зүйлийг буруу ойлгож, сэтгэл хөдлөлөө барьж чадаагүйгээс бүх юм болсон.”
Хуулийн Тусламж (Legal Aid) нь ганц хуулийн асуудалтай шинээр ирсэн хүмүүст туслахаас гадна Австрали улсад амьдралын бүх л үйл явцад хууль зүйн зохицуулалт салшгүй холбоотой байдаг гэдгийг хүмүүст таниулах зорилготой.
Харин түүнд хуулийн хариуцлага тооцогдож эхлэхэд тэр мэргэжлийн хууль зүйн зөвлөгөө, тусламж хайж эхэлсэн. “Би эхэндээ яахаа мэдэхгүй байсан ч нэгэнт цагдаа нартай холбоотой асуудалд орсон тул тэд надад Хуулийн Тусламжид (Legal AId) хандахыг зөвлөсөн.”
Дараа нь Nena шүүхэд цагдаагийн эсрэг заалдах хэрэгтэй болсон ба шүүх хурал болох үед Хуулийн Тусламжийн хуульч түүнтэй хамт шүүхийн үйл ажиллагаанд төлөөлөн оролцсон.
Мелбурн хотын баруун дүүргүүдийн Wesjustice хууль зүйн төвийн захирал Denis Nelthorpe хэлэхдээ ийм төрлийн шүүхийн төлөөлөл нь Хуулийн Тусламжийн хувьд санхүүгийн чадамж шаардагдах ажил ба үргэлж үнэ төлбөргүй байгаад байдаггүй.
“Хэрвээ та ноцтой эрүүгийн хэрэгт холбогдсон ба хуулийн үйлчилгээ авах нөөц бололцоогүй тохиолдолд манай үйлчилгээг үнэгүй авахад нээлттэй боловч тухайн хэрэг таныг албадан хорих магадлал бүхий хүнд хэрэг байх шалгууртай. Гэхдээ, Centrelink-ийн тэтгэмжинд байдаг хүмүүст Хуулийн Тусламж үргэлж нээлттэй гэж хэлэх нь шударга байх.”
Хуулийн Тусламж (Legal Aid) анх 1920 онд байгуулагдан 1970-аад оноос буюу Whitlam-н удирдсан засаглалын үеээр үйл ажиллагаагаа улам тэлсэн. Дараа нь засгийн газраас шударга ёс, хууль зүйн тэгш байдлыг хүн бүрт нээлттэй болгохын тулд Хуулийн Тусламжийн Хороонуудыг бүх муж болон бүс нутагт байгуулсан.
Denis Nelthorpe хэлэхдээ манай Хуулийн Тусламжийн тогтолцоо нь дэлхийн хамгийн шилдэг төслүүдийн нэг юм.
“Хэрвээ та Австралид хүнд зэргийн ноцтой хэрэгт холбогдон Дээд Шүүхээр асуудал шийдэгдэж байгаа бол таныг төлөөлөн мэргэжлийн өндөр түвшний хуульч ажилладаг. Харин АНУ зэрэг бусад улсад та арай бага туршлагатай хуульчиар төлөөлүүлэх магадлалтай. Энэ талаараа Австралийн Хуулийн Тусламжийн тогтолцоо дэлхийд хамгийн шилдэгт тооцогддог гэж бодож байна.”
Claude Muco үүнтэй санал нийлэн хэлэхдээ Хуулийн Тусламж миний амьдралд хамгийн чухал өөрчлөлтийг авчирсан.
“Тэд намайг энэ улсад цагаачлахад бүх шатанд тусалсан ба энэ нь миний хувьд хамгийн чухал зүйл байсан. Одоо би байнгын оршин суух эрхтэйгээр Австралид амьдарч байгаа ба сэтгэл маш өндөр, энэ боломж гарцыг нээлттэй болгож өгсөн тэдэнд үргэлж талархаж явдаг.”
Nena Yunus шүүх хурлаар буруугүй гэж шийдэгдэн сэтгэл амарсан ба тэрээр хэлэхдээ шүүхийн хэрэг үнэхээр хүнд сорилт байсан.
“Энэ бол миний хувьд анхны ийм тохиолдолд байсан тул би бусдын адил маш их айсан ч би буруугүй гэдгээ л мэдэж байсан. Харин Хуулийн Тусламж байдаг тухай мэдээд би арай тайвширч урам орсон.”
Тэрээр одоо цагдаагийн хүчний байгууллагат нэгдэж бусад залуу хүмүүст туслах хүсэлтэй.
Та өөрийн муж, бүс нутгийн Хуулийн Тусламж хорооны тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл сайтаар орно уу.