Австрали улсад оршин суугаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тулгамдаж буй аливаа асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай туслалцааг олж өгөх, тэднийг чадавжуулан хөгжүүлэх, хоорондын хамтын ажиллагааг нь хөхиүлэн дэмжих зорилгын хүрээнд Mongolian Sisterhood клубийг байгуулсан байна. Тус клубийн анхны үйл ажиллагаа болох Ladies First танилцах өдөрлөгийн үеэр Австрали улсад бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийн төлөөллөөс эхлээд өөрсдийн ажил, амьдралаараа үлгэрлэн яваа бүсгүйчүүд туршлагаасаа хуваалцсан юм.
Энэ үеэр хөндөгдөж байсан гол сэдвийн нэг нь эмэгтэйчүүдэд тулгарч буй нийтлэг бэрхшээл болох хэлний мэдлэг байв. Хэл мэдэхгүйгээсээ болж шаардлагатай мэдээ, мэдээллүүдээс хоцорч, яаралтай үед хэн нэгнээс тусламж авч чадаагүйгээс асуудлаа улам хүндрүүлдэг тохиолдол олон гэнэ. Харин тус клуб үүсгэн байгуулагдсанаар олон эмэгтэйчүүдийн хувьд шаардлагатай тусламж, дэмжлэг авах үүд нээгдэж байна.