Ирэх 11-р сард Австрали улс хилээ нээх болно гэж Ерөнхий сайд Scott Morrison албан ёсоор зарлалаа. Ингээд Австралийн иргэд болон PR визтэй хүмүүс гадаад улсруу яваад буцаж ирэхдээ өөрсдийгөө долоо хоног гэртээ тусгаарласнаар чөлөөтэй зорчдог болох юм.
Хүн амын 80 хувь нь COVID19-ын вакцины 2 тун хийлгэсэн үед гадаадад байгаа иргэд буцаж ирэх, эндээс гадаадруу зорчиж болно гэдгийг Холбооны засгийн газар зарласан. Хилийн чанадад зорчих хүсэлтэй хүмүүс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакцинд хамрагдсан бичгээ ойрын үед авах хэрэгтэй гэж Ерөнхий сайд Scott Morrison хэллээ.
NSW болон South Australia мужуудад гадаад улсуудаас иргэдийг хэрхэн оруулж ирэх туршилт хийсэн. Ингээд вакцинаа бүрэн хийлгэсэн Австраличууд болон байнгын оршин суугчид гэртээ өөрсдийгөө 7 хоног тусгаарлан Австралид эргэн ирэх боломжтой. Харин тэд вакцин хийлгээгүй бол, эсвэл Австралийн эм, эмчилгээний хяналтын алба /TGA/-аас хүлээн зөвшөөрөөгүй вакцин хийлгэсэн бол 14 хоногийн турш тусгайлан бэлтгэсэн төвд тусгаарлагдах юм. Одоогоор Aвстралид AstraZeneca, Pfizer, Moderna вакцинуудыг хүлээн зөвшөөрсөн байгаа. Энэхүү өөрчлөлт нь вакцинаа бүрэн хийлгэсэн хүмүүст ямар нэгэн аяллын хязгаарлалт байхгүй гэсэн үг.

Australian Prime Minister Scott Morrison Source: AAP
Харин Австралид амьдардаг гаднын иргэд буюу виз эзэмшигчид болон огт вакцин хийлгээгүй Австраличуудын хувьд хилээр хэрхэн зорчих тухайд удахгүй шийдвэр гаргах юм байна.
Хилийг өнгөрсөн оны 3-р сард хааж, эндэхийн иргэн, оршин суугчид биш хүмүүс орж ирэх боломжгүй болж, харин Австраличууд болон байнгын оршин суух эрхтэй хүмүүс Засгийн газраас тусгай зөвшөөрөл авч байж орох, гарах эрхтэй байсан юм. Үүнээс болж олон хүн тусгаарлалтын хүчин чадал, санхүүгийн боломжоосоо болж эргэн ирэх боломжгүй байсан.
″Одоо гаднын аялагчдыг хүлээж авахын тулд Австралийн эм, эмчилгээний хяналтын алба Sinovac, Covishield вакцинуудыг Австралид хүлээн зөвшөөрөгдсөн гэх үзэх хэрэгтэй байна″ гэж Morrison хэлжээ.
Вакцинаа бүрэн хийлгэсэн хүмүүс Гадаад харилцааны яамны зөвлөмжийг авснаар улс хооронд чөлөөтэй зорчих эрхтэй болно.
Өмнөхийн адил Шинэ Зеланд, Сингапураас ирж байгаа хүмүүс заавал тусгаарлалтад орох шаардлагагүй хэвээрээ байх болно гэдгийг Холбооны засгийн газар баталгаажуулан хэллээ.
12 доош насны эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар вакцинаа хийлгээгүй Австраличууд болон байнгын оршин суугчид аяллын зорилгоор вакцинаа хийлгэнэ.
Муж, бүс нутгуудын вакцинжуулалтын хэмжээнээс хамаарч гэрийн тусгаарлалтаа эхлүүлэх өдөр нь өөр байх юм. Гадаад харилцааны яамнаас гаргасан мэдээллээр 40,000 орчим Австраличууд эх орондоо эргэн ирэхээр хүлээж байгаа ажээ. 'Засгийн газар гаднаас ирэх иргэддээ гэрийн тусгаарлалтыг эхлүүлсэн муж, бүс нутгуудруу хүргэх тусгай нислэг санал болгоно' гэж Ерөнхий сайд хэлсэн юм.
″Хүмүүс чөлөөтэй зорчиж, ирж буцдаг байх гол хүчин зүйл нь гэрийн тусгаарлалтыг сайтар баримталж, сайн зохион байгуулах явдал юм″ гэж тэрээр мөн нэмж хэлжээ.